Цар тахал дэлхий даяар ардчилал, эрх чөлөө, хүний эрхэд сөргөөр нөлөөлж байгааг Freedom House байгууллагын судалгаа харууллаа. “Хөл хорионы үеийн ардчилал: Ковид-19-ийн дэлхийн эрх чөлөөнд үзүүлж буй нөлөө” судалгааны хүрээнд 192 улсын 400 гаруй сэтгүүлч, активистуудаас санал асуулга авахад нэлээд бүрхэг дүр зураг ажиглагджээ. Дэлхийн 80 гаруй улсад ардчилал болон хүний эрхийн нөхцөл байдал дордсон байна.

“Олон улсын эрүүл мэндийн хямрал эцэстээ олон улсын ардчиллын хямралын нэг хэсэг боллоо. Дэлхийн өнцөг булан бүрд засгийн газрууд цар тахлын нэрээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ардчилал болон хүний эрхэд халдах тохиолдлууд гарч байна”Freedom House-ын ерөнхийлөгч Ж.Абрамовиц

Энэ цаг үед цар тахлын талаарх мэдээллийн ил тод байдал; авилга; хүн амын эмзэг бүлгийн хамгаалал болон засгийн газрууд эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэл гэсэн дөрвөн асуудал тулгамдаж байгаа аж.

Хэдийгээр тус судалгаанд Монголын талаар тодорхой жишээ дурдаагүй боловч манай улсад ч дээрх асуудлууд ажиглагдаж байгааг энд онцлох гэсэн юм. Мөн Freedom House судалгаагаа 2020 оны 1-9 дүгээр сард буюу Монголд коронавирусын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байх үед явуулсан. Халдвар авсан, нас барсан хүмүүсийн тоо өсөж, нөхцөл байдал хүндрэхийн хэрээр манай Засгийн газрын бэлтгэл муу байсныг, мөн хямралын үед менежмент хийхдээ ардчилал, хүний эрхийг хойш тавьж байгааг харуулах жишээ олширч байна.

Цар тахлын үед ардчилал, хүний эрхийг хэрхэн хамгаалж үлдэх талаар Freedom House байгууллагын судалгааны хүрээнд өгсөн зөвлөмжүүдээс манайд хамгийн хэрэгтэй байж болохыг өөрийн харж буй жишээтэйгээр хүргэе.

Нэгдүгээрт, онцгой байдлын арга хэмжээнүүд хариуцлагатай, ил тод, цаг хугацааны хязгаартай байх хэрэгтэй. Freedom House байгууллагын судалгаанд цар тахалтай холбоотой мэдээллийн ил тод байдлыг ардчиллыг хэмжих нэг хэмжүүр болгож ашигласан бөгөөд мэдээллийг тодорхой, ойлгомжтой хүргэж, зохицуулалтыг ил тод байдлаар явуулж, хууль эрх зүйн үндэслэл сайтай байлгах хэрэгтэйг зөвлөсөн байна.

Жишээ 1: Ойлгомжгүй, төөрөгдүүлсэн мэдээлэл

Дөрөвдүгээр сарын 4-нд Монгол улсын Засгийн газраас дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд хөл хорио тогтооно гэж мэдэгдсэн. Гэтэл хатуу хөл хорио тогтоохын өмнөх өдөр нь 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байв. Энэ нь иргэдийг, ялангуяа вакциныхаа хоёр дахь тунг тухайн үед хийлгэхээр хүлээж байсан хүмүүсийг бухимдуулсан. Мөн эхэндээ вакцин хийлгэх хүмүүс бие биедээ халдвар тараахаас сэргийлж дархлаажуулалтыг зогсоож байгаа мэт мэдээлсэн. Яваандаа тэр нь вакцин хүрэлцээгүй болсноос зогссон юм шиг болоод, БНХАУ-аас нэмж вакцин худалдаж авсны дараа дархлаажуулалтыг сэргээсэн. Одоо бүр энэ бүхний буруутнаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнийг нэрлээд байгаа. Энэ мэтээр Засгийн газар мэдэн будлиж, иргэдээ ойлгомжгүй, худал мэдээллээр төөрөгдүүлэх тохиолдлууд байна.

Хоёрдугаарт, Freedom House байгууллагын судалгаанд эвлэлдэн нэгдэх, зорчих хөдөлгөөн хийх зэрэг хүний үндсэн эрхэд хамаатай хязгаарлалтыг хийхдээ Засгийн газар тун мэдрэмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцолжээ. Хямралын үед эдгээр эрхээ хязгаарлуулсан иргэд тусламж, нөхөн олговор авах боломжоор хангагдсан байх ёстойг мөн анхааруулсан байна.

Зургийн тайлбар: БНСУ дахь Монгол улсын Элчин сайдын яамны байранд иргэд эх орондоо буцах боломж олгохыг шаардав, 2020 оны 4-р сар | Зургийн эх сурвалж: Munkh-Erdene

Жишээ 2: Гэртээ харих эрхгүй хүмүүс

Хөл хорионы талаарх гэнэтийн шийдвэрүүдээс болж олон иргэн гадаад улс орнуудад гацаж, мөн хот хооронд зорчиж байсан иргэд ч гэртээ харьж чадахгүй болсон. Энэ нь иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх гэсэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахаа байсны тод жишээ. Цар тахалтай холбоотойгоор нийт хүн амын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой боловч тухайн нөхцөлд эрх нь зөрчигдөж байгаа иргэддээ үйлчлэх нь ардчилсан улсын үүрэг. Гэтэл тусламж, нөхөн олговор үзүүлэх нь битгий хэл тусгай нислэг, тусгаарлах байр зэрэгт илүү их мөнгө төлөхөд хүргэсэн бөгөөд мөнгөө төлж чадахгүй байгаа иргэдээ мартсан нь Засгийн газар хүний эрхийг зөрчиж байгаагийн жишээ юм.

Гуравдугаарт, цар тахлын нөхцөл байдалтай уялдсан шударга сонгууль зохион байгуулах. Нийгмийн эрүүл мэндийг хангахын тулд сонгогчдыг бүртгэх, санал авах цэгүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх хэрэгтэй. Сонгууль урьдчилж өгөх, шуудангаар өгөх, эсвэл алсын зайнаас өгч болох бусад боломжийг бүрдүүлэхийг Freedom House зөвлөжээ. Сонгуулийн кампанит ажлуудыг мөн онлайнаар хийх, сонгогчидтойгоо мессэжээр харьцах зэрэг хувилбарыг санал болгосон байна. Сонгуулийн хараат бус ажиглагчдын аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн чухлыг мөн онцолжээ.

Жишээ 3: Сонгууль өгөх эрхгүй иргэд

Гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд сонгох эрхээ эдлэх эрхтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр тэд энэ эрхээ эдлэх боломжтой болсон. Харамсалтай нь, сонгуулийн хуулийг өөрчилсөнтэй холбогдуулан гадаадад байгаа Монголчууд 2016, мөн 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгч чадаагүй. Ялангуяа өнгөрсөн онд цар тахалтай холбоотойгоор тусгаарлах байранд байсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг маш олон иргэд санал өгөх эрхээ эдэлж чадаагүй. Мөн эрх баригч нам цар тахалтай амжилттай тэмцсэнээрээ сонгуулийн сурталчилгаа хийж, шүүмжлэлтэй хандсан хэн бүхний амыг таглаж байсан. Тухайлбал, гадаадад байгаа монголчуудын гэр бүлийнхэн болон активистууд жагсаал цуглаан хийхэд хөл хорио болон сонгуультай холбоотойгоор тарааж байв.

Дөрөвдүгээрт, хүний эрхийн зөрчлүүдийг тодорхойлж, шийдвэрлэж, буруутанд хариуцлага тооцох. Ялангуяа эмэгтэйчүүд, ЛГБТ хүмүүс болон бусад цөөнх бүлгийн хүмүүст илүү анхаарал хандуулах. Хуулийн дагуу хүмүүс суурь үйлчилгээг ижил тэгш хүртэхэд анхаарах тухай тэмдэглэжээ. Энд бид нэлээд олон жишээ дурдаж болно.

Жишээ 4: Хүүхдийн эрх

Сургууль, цэцэрлэгийг хаах нь хамгийн сүүлд л хэрэгжүүлэх, “аргаа барсан” үйлдэл байх ёстойг НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Фор мэдэгдэж байсан. Гэтэл манайд коронавирусын халдварыг дотроо алдаагүй үед сургууль, цэцэрлэгүүдийг хаахдаа эсэргүүцсэн эцэг эхчүүдийн гомдол, шаардлагыг огт авч хэлэлцээгүй. Ингэж бүтэн жил сургууль, цэцэрлэгийг хаасны үр дүнд тэртэй тэргүй өндөр байсан боловсролын тэгш бус байдал улам гаарахаар байна. Теле хичээлээ хийх боломж бололцоо муутай байсан хүүхдүүдэд алдсан нэг жилээ нөхөж авна гэдэг маш хүнд байх юм. Дээрээс нь хоол тэжээлийн хомстол, гэр бүлийн хүчирхийлэл, гэртээ харгалзах хүнгүй байснаас галын аюулд өртөх зэрэг сөрөг үр дагавруудыг тэр бүр судалж тооцоолоогүй байна.

Энд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдний сургууль, цэцэрлэгийг хааснаар зөвхөн сурч боловсрох төдийгүй эрүүл мэндэд нь нөлөөлж, хүүхдүүд нэн шаардлагатай сэргээн засах үйлчилгээгээ ч авч чадахгүй нөхцөл үүслээ.

Зургийн эх сурвалж:БНХАУ-ын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал BBC.com

Жишээ 5: Эмч, сувилагч нарын эрх

Сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилтнууд гэртээ харихгүй хоёр долоо хоногоор ажиллаж байгааг, сандал дээрээ эвхрэлдээд унтаж байгаа зургуудыг сошиал медиад постлох боллоо. Миний мэдэхийн БНХАУ л цар тахлын хямралын үеэр гэр орондоо харьж, хүүхдүүдтэйгээ ч уулзаж чадахгүй байгаа эмч, сувилагч нарын зураг, мэдээгээр пропаганда хийж байсан. Ямар ч ардчилсан улсад эмч, эмнэлгийн ажилтнуудыг хоёр долоо хоногоор гэрт нь ч хариулалгүй дайчлан ажиллуулах нь буруу. Нэгэнт ингэж хүний эрхийг зөрчин байж ажиллуулж байгаа бол цалин хөлс, хангамж, нөхөн олговрыг нь хангалттай тавьж өгөх нь ардчилсан улсын үүрэг. Гэтэл цалин, хангамж муу байгаа талаар сошиал медиагаар хуваалцсан эмч, сувилагч нарт дарамт шахалт үзүүлэх хэргүүд ч гарлаа. Энэ бүхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрхийг зөрчиж байгаагийн жишээ. Иймэрхүү тохиолдлыг бид хувь хүний хэрэг гээд орхих биш, хүний эрхийн зөрчилтэй холбон харах хэрэгтэй.

Тавдугаарт, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төсвийн ил тод байдлыг хангаж, авлигатай тэмцэх. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж гаднын улс орнууд, олон улсын байгууллагууд, хувийн донорууд маш их хэмжээний тусламж үзүүлсэн. Үүнийг зүй зохистой, үр ашигтай зарцуулахад засгийн газар анхаарч, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэйг Freedom House онцолжээ. Тэгвэл манай Засгийн газрын зүгээс цар тахалтай тэмцэхэд зарцуулж буй төсвийн талаарх мэдээллийг ил тод болгосон, тайлагнасан зүйл байхгүй байна.

Цар тахлын нэрээр ардчилсан Монгол Улсын иргэд бид хувийн автомашинаа унах эрхгүй, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулах боломжгүй боллоо. Дээр жишээ татсан асуудлуудыг бид хүний эрхийн зөрчил, Монгол Улсын ардчилалд нүүрлэж буй хямрал гэдэг талаас нь харж, хариуцлага нэхэж эхлэхгүй бол нэг л мэдэхэд энэ бүхэн хэвийн үзэгдэл болчихсон байж мэдэх юм. “Ковидын эринд бий болсон шинэ хууль зохицуулалтууд болон үүссэн нөхцөл байдлыг эргүүлэн өөрчлөхөд хүнд” хэмээн  Freedom House-ын судалгаа анализын дэд ерөнхийлөгч, судалгааны авторуудын нэг Сара Репуччи хэлээд, “Хүний эрхийн суурь эрхүүдэд үзүүлсэн муу нөлөө цар тахлаас хойш ч үргэлжилнэ” гэжээ. Тус санал асуулгад оролцсон хүмүүсийн 64 хувь нь цар тахлын муу нөлөө ардчилалд ирэх 3-5 жилд үлдэнэ гэсэн байна.  

Б.Түвшин

2021 оны 5-р сар