Нийтлэлийн бодлого

Монгол хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай амьдрах ёстой. Энэ боломжийг бүрдүүлэх жинхэнэ ардчиллыг хөгжүүлэх, ард түмний ардчилалд итгэх итгэлийг сэргээх нь эдийн засагч, улстөрч Банзрагчийн Түвшингийн эрхэм зорилго юм. Ижил зорилготой хэн бүхэнтэй хамтран ажиллаж, үр бүтээлтэй хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна.

Нийтлэл, контентын бодлогоороо дараах гурван зорилгод хүрэхийг эрмэлзнэ:

Ардчиллыг хамгаалж, хөгжүүлэх, мөн ардчиллын талаарх ойлголтыг сайжруулах

Монголчууд бид ардчилсан тогтолцоог бий болгоод 30 жил болж байгаа ч бүрэн утгаар нь хөгжүүлж чадаагүй байна. Их Британийн EIU судалгааны байгууллагаас гаргадаг Ардчиллын индексийн жагсаалтаас үзэхэд Монгол Улс 10 онооноос 6.5-ыг авч, 167 орноос 62 дугаарт жагссан. Энэ нь манай улсыг бүрэн биш, хагас дутуу буюу “гажуудсан ардчилал” гэсэн бүлэгт багтаажээ.

Ардчиллаа тордож, жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүйгээс авлига, тэгш бус байдал, ядуурал газар авлаа. Үр дүнд нь иргэдийн ардчилалд итгэх итгэл буурч, популист улстөрчид ардчиллын үнэ цэнэ рүү давшлах болов. Иймд, ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд хүний эрх, улс төрийн хариуцлага, ил тод байдал, хуулийн засаглал зэрэг ойлголтыг ахисан түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай байна.

Хүн бүрд тэгш боломж олгох тогтвортой хөгжлийг дэмжих

Монголчууд бид өргөн уудам газар нутаг, асар их байгалийн баялагтай хэрнээ үр шимийг нь тэгш, оновчтой хүртэж чадахгүй байна. Сүүлийн 10 гаруй жил уул уурхай дагасан хөрөнгө оруулалт ихсэж, эдийн засаг өссөн боловч гурван монгол хүний нэг нь ядуу хэвээр үлджээ. Нэг хэсэг нь хэт чинээлэг болж, нөгөө хэсэг нь хүнд хэцүү амьдралаасаа салж чадахгүй байгааг хөгжил гэж хэлж болохгүй.

Иймд, эдийн засгийн өсөлтөөс илүү хүний хөгжлийг чухалчилж, хүн бүрд хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэгш боломж олгох тогтвортой хөгжлийн арга замыг эрэлхийлэх шаардлагатай байна.

Аз жаргалтай, сайн сайхан амьдралын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх

“Хүн бол нийгмийн амьтан” хэмээн Аристотель тодорхойлсон байдаг. Хүн аз жаргалтай байх, эсэх нь нийгмийн хөгжлөөс шалтгаалдаг тухай Дэлхийн аз жаргалын тайланг санаачлан гаргах болсон профессор Жеффри Сакс тайлбарлажээ. Тиймээс ч нийгмийн халамж, үйлчилгээ сайтай, орлогын тэгш бус байдал харьцангуй бага Скандинавын орнуудын иргэд хамгийн жаргалтай амьдарч байна. Харин Монгол Улс 2020 оны Дэлхийн аз жаргалын жагсаалтад 153 орноос 81-т багтаж байгаа юм.

Монгол хүн бүрд сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийгмийн бухимдлыг бий болгож буй хүрээлэн буй орчны бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, аз жаргалтай амьдрахын тулд та бид өөрсдийгөө хөгжүүлэн суралцаж, эерэг хандлагаар цэнэглэж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь нэн чухал билээ.

Хамтран ажиллах

TuvshinBanzragch.mn сайтаар зочилсонд тань баярлалаа. Танд Банзрагчийн Түвшинтэй хамтран ажиллах санал байвал “Хамтран ажиллах санал” сонголтоос “Ажлын санал” сонголтыг сонгож саналаа илгээнэ үү.

Бид мөн нийтлэлийн бодлоготой нийцсэн контентыг зах зээлийн өрсөлдөхүйц ханшаар худалдан авч, зохиогчийн нэрээр нийтэлдэг. Танд контентын санал байвал “Хамтран ажиллах санал” сонголтоос “Контентын санал” сонголтыг сонгож саналаа илгээнэ үү.

Холбоо барих