Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын статистик мэдээллийг хараад нэлээд гайхлаа. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 1143 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) шинээр бүртгүүлсэн байх юм. Ингээд манай улсад бүртгэлтэй ХХК-ийн тоо 123 мянгаас давжээ. Сар бүр мянга гаруй компани төрөөд, үйл ажиллагаа явуулаад, өсөж дэвжээд байвал ажилгүйдэл, ядуурал бүрмөсөн арилж, эдийн засаг сайжирсан байх ёстой. Мөн аж ахуйн нэгжийн тоо олшрохын хэрээр өрсөлдөөн ширүүсч, үр дүнд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчид сэтгэл хангалуун байх учиртай. Гэвч тэгэхгүй байгааг бид бүгдээрээ харж буй. Энэ нь юутай холбоотой вэ? Нөгөөх л тоо биш чанар чухал гэдэг тайлбар энд ч мөн гарч ирнэ.

Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт өсөж байх хооронд гаднын компаниуд нэгдэж, нийлээд, томрохыг илүүд үздэг болсон. Олон улсын хэмжээнд Mergers & Acquisitions (M&A) буюу компаниуд нэгдэж, нийлэх бизнесийн соёл төлөвшчихөөд байна. Өнгөрсөн онд л гэхэд дэлхий даяар 3.6 их наяд ам.долларын нэгдэж, нийлэх гэрээ хийсэн тухай энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IMMA (Institute of Mergers, Acquisitions and Alliances) судалгааны байгууллага мэдээлжээ. Нэгдэж, нийлэхийн ач холбогдол юунд байдгийг харцгаая.

Хамтын хүч

Компаниуд нэгдэх (mergers), эсвэл нэг нь нөгөөгөө худалдаж авах (acquisitions)-ын хамгийн чухал тал нь “2+2=5” буюу хамтын хүчээр илүү их үр ашгийг бий болгох томъёо юм. Нэгдэж, нийлснээр орлого нэмэгдэж, зардал багасаж, илүү үр ашигтай ажиллана гэж үздэг. Энэ нь томрох, өрсөлдөх чадвараа сайжруулах, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх (төрөлжүүлэх), зах зээлээ тэлэх зэрэг боломжийг бүрдүүлж өгөх давуу талтай. Тиймээс ч дэлхий даяар мянга мянган компани энэ замыг сонгодог байна. Үүний зэрэгцээ, компаниуд нэгдэж нийлэх нь элбэг байдаг тодорхой салбарууд ч бий. IMMA 2000-2015 онд дэлхий даяар нэгдэж, нийлсэн компаниудыг салбараар нь авч үзэхэд эрүүл мэнд, эрчим хүч, санхүү, технологи, медиа салбарт хамгийн олон, өндөр дүн бүхий гэрээ хийжээ (графикаас харна уу). Чанга хатуу зохицуулалт, өндөр шаардлага, их хэмжээний хөрөнгө оруулалт, ширүүн өрсөлдөөн зэргээр эдгээр салбарыг тодорхойлж болох юм. Ийм орчинд тэсэж үлдээд, үр ашигтай ажиллахын тулд том, бас хүчтэй байх хэрэг гардаг учраас л компаниуд нэгдэж, нийлдэг биз. Тэгвэл Монголд яагаад тэгэхгүй байна вэ?

Санхүүгийн салбарын ТҮЦ-үүд

Миний хувьд сайн мэдэх санхүүгийн салбараасаа жишээ татъя. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2016 оны тоймоос үзэхэд, Монгол Улсад даатгалын 17 компани, 518 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), 280 хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. 2013 оноос ББСБ-ын тоо огцом нэмэгдсэн учраас салбарын зохицуулах хорооноос тэдгээрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмж эхэлсэн. Тэгсэн хэдий ч өнгөрсөн жил ББСБ-ын тоо 15 хувиар өссөн ажээ. Тоо нэмэгдэхийн хэрээр чанар сайжирч уу гэж асуувал хариулт нь бас л “үгүй”. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зуу зуун жижиг тоглогч бүр ч жижиг, туршлагагүй тоглогчдоор бүл нэмсээр. Ингэснээр хэрэглэгчдэд мэргэжлийн бус үйлчилгээ үзүүлэх магадлал өсөж, салбарын нэр хүнд, үр ашгийг бууруулах эрсдэл нүүрлэж байгаа юм.

Эдүгээ санхүүгийн салбарын (банкуудыг оролцуулахгүйгээр) дүр төрхийг харвал эмх замбараагүй, хэдэн зуун ТҮЦ ажиллуулж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө. Тэд хэтэрхий жижиг учраас үр ашигтай ажиллаж, өсөж дэвжиж чадахгүй, нэг байрандаа л эргэлдэх “чөтгөрийн тойрог”-т орчихоод байна. Тийм ч болохоор санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкууд “атгасан” хэвээр, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод болон ББСБ-ууд хөгжлийн нэг шат ч ахиж чадахгүй гацсан чигээрээ үлджээ. Миний бодлоор, Санхүүгийн зохицуулах хороо нь зөвшөөрөл олгох биш, харин салбарыг хөгжүүлэх, үр ашигтай байлгах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлбэл асуудлыг шийдэж чадах юм. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлд хөл тавьж байгаа компанийг “хүүхэд” шигээ бодох хэрэгтэй. Тэр “хүүхдүүд” эрүүл, аюулгүй орчинд өсөж, эрийн цээнд хүрээд салбараа хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд, тухайлбал, даатгалын салбарт хэдэн компани байвал үр ашигтай ажиллах боломжтой вэ? Тэр боломжийг бүрдүүлэхийн тулд компаниудад ямар босго, шаардлага тавьж, яаж зохицуулах ёстой вэ? Ингээд өндөр босго, шаардлага тавиад ирэхээр хүчтэй нь үлдээд, чадахгүй нэгэн нь бууж өгөх, эсвэл нэгдэж, нийлэх замыг сонгоод явах юм. Энэ нь өрсөлдөөнийг үгүй хийж, монополийг дэмжсэн хэрэг болно гэж тайлбарлах хүмүүс бий. Гэхдээ санхүүгийн салбараас хэт жижиг тоглогчдыг гаргаж байж л салбар нь өөрөө эрүүл чийрэг болж, компаниудад мэргэжлийн төвшинд өрсөлдөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх билээ.

Нэгдэж, нийлэх соёл

Компаниуд нэгдэж, нийлээд л бүх юм сайхан болно гэж ойлгоход учир дутагдалтай. Үүний тулд тодорхой хэмжээний соёл, хууль эрх зүйн орчин бүрдсэн байх шаардлагатай болов уу. Тухайлбал, манай татвар, хууль эрх зүйн орчин компаниуд нэгдэж, нийлээд томрох биш, харин ч томроод ирэхээрээ задрах суурийг тавьсан байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу компанийн орлого жилийн гурван тэрбумаас давахаар татварын хувь хэмжээ 10-аас 25 хувь болж нэмэгддэг шүү дээ. Өндөр татвараас зайлсхийхийн тулд зарим томоохон компани олон жижиг аж ахуйн нэгж болж задардаг. Тэр хэрээр үйл ажиллагааны зардал нь нэмэгдэж, үр ашиг нь буурдаг гэсэн үг.

Үүний зэрэгцээ, M&A чиглэлээр тусгай зөвлөх үйлчилгээ авсан барууны томоохон компаниуд хүртэл бүтэлгүйтсэн жишээ мундахгүй бий. Компаниуд нэгдэж, нийлэхийг гэрлэлттэй зүйрлэж болох юм. Нэг гэрт орсон болгон айл болдоггүй дээ. Салах нь салдаг. Сайхан ирээдүйг бүтээх нь бүтээдэг. Тиймээс компаниуд нэгдэж, нийлснийхээ дараа тэр “2+2=5” гэдэгт хүргэх хамтын хүчийг төлөвшүүлэх нь бүхэл бүтэн соёл юм.

Бид үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлье, дэлхийн зах зээлд гаргая л гэж байгаа бол одооноос тоог нь нэмэх биш, харин чанаржуулах, хүчирхэгжүүлэх, томруулахад л анхаарах болжээ. Үүний тулд компаниуд нэгдэж, нийлэх сэдлийг төрүүлэх орчин бий болгож, соёлыг төлөвшүүлэх нь зүйтэй.