“Кино” хамтлагийн Виктор Цойг мэдэхгүй хүн бидний үеийн монголчууд дунд байхгүй биз. Түүний таалал төгссөний 30 жилийн ойгоор “Хочу Перемен” буюу “Өөрчлөлтийг хүснэ” нэртэй дуу нь Беларусийн ардчилсан хөдөлгөөний сүлд дуу болж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Беларусийн засгийн эрхийг 26 жилийн турш барьж буй Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан Святлана Циханоуская болон түүний дэмжигчид ердөө 10 хувийн санал авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийг будлиантай болсон гэж үзэж байгаа юм.

Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд зуу зуун мянган залуус Ням гараг бүр тайван жагсаал хийж, Лукашенкогийн диктатурыг унагахын төлөө тэмцэж байна. Цэцэг барьж, цагаан цамц өмссөн эмэгтэйчүүд, Виктор Цойн дууг аялан гитар барьсан залуус ардчилал, эрх чөлөөг нэхэн жагсаж байна. Ийнхүү Беларусийн нийслэл Минск хотын гудамж талбай өөрчлөлтийг шаардсан залуусын халуун зүрхэнд буцлах болов.

Лукашенко цэрэг цагдаагийн хүчээрээ жагсагчдыг мянга мянгаар нь хорьж баривчилж байгаа ч жагсаал хийх хүмүүсийн нүдэн дэх гал цогийг унтраасангүй.

Беларусь улсад сонгуулиас хойш 10,000 гаруй хүнийг баривчилж, 200 гаруй хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 70 гаруй хүнийг улс төрийн хоригдол хэмээн зарлаад байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна. Сөрөг хүчний голлох хүмүүс нь нэг бол хоригдож, үгүй бол улс эх орноосоо дүрвэн гарчээ. Святлана Циханоуская сонгуулийн дараа өөрийн болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө Литва улс руу дүрвэсэн.

Ийнхүү сөрөг хүчнээ дорд үзэж, өөрчлөлтийг шаардсан залуусын эсрэг хүч хэрэглэх тусам Лукашенкогийн улс төрийн карьер хамгийн эгзэгтэй үедээ ирлээ.

Барууны орнууд түүнийг хууль ёсны эрх баригч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хуулийн дагуу телевизээр шууд дамжуулалгүйгээр, өөрийнхөө хүрээнд цомхон хийсэн Лукашенког Орос, Хятадаас өөр томоохон улс хүлээн зөвшөөрөөгүй л байна.

Лукашенко болон Беларусийн өндөр албан тушаалтнуудад Их Британи, Канадаас эхлээд одоо АНУ хориг арга хэмжээ авч байгаа. Европын холбооноос ч тус улсын засгийн газрын албан тушаалтнуудын эсрэг хориг тавьж байгаагаа зарласан.

Харин Лукашенко барууны орнуудыг улс төрийн үймээн самууныг санхүүжүүлж байгаа хэмээн дургүйцлээ илэрхийлж ирсэн. Тэрбээр мөн Польш болон Литваг дотоодын хэрэгт нь оролцож, жагсаал цуглааныг өөгшүүлж байгаа хэмээн буруутгаж байна.

Хоёр сар гаруй үргэлжилж байгаа энэ жагсаал цуглаан Лукашенкогийн 26 жилийн засаглалд цэг тавьж мэдэхээр өргөн дэлгэрч байна.

Манайхтай адил далайд гарцгүй, ОХУ болон Европын холбооны хооронд хавчигдсан, 9.5 сая хүнтэй Беларусийн залуусын тэмцэл монголчуудад нэгийг сануулах биз.

1989 оны арванхоёрдугаар сард Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа хийж, Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхаглаж байв. Энэ үеэр “Хонх” хамтлагийн уран бүтээлч С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр алдарт “Хонхны дуу”-гаа дуулсан нь ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон.

Энэ тэмцэл бүтэн найман сар үргэлжлэхдээ зуу зуун мянган хүнийг нэгтгэж чадсан байдаг. Үр дүнд нь 1990 оны долоодугаар сард монголчууд анхны чөлөөт ардчилсан сонгуульдаа оролцож, төрийн эрх барих дээд байгууллагаа өөрсдөө сонгосон билээ.

30 жилийн өмнө монгол залуус “Хонхны дуу”-гаа аялан тайван замаар ардчилсан хувьсгалыг хийж, өнөөдрийн эрх чөлөөг бидэнд авчирсан.

Гэтэл өнөөдөр бид ингэж олж авсан ардчилалдаа өөрсдөө итгэхээ больж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэмээр. “Сант Марал” сангийн энэ жил хийсэн улс төрийн барометр судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын 7 нь парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх нь “сайн”, “маш сайн” гэж хариулжээ. Ли Гуан Ю шиг хүчирхэг удирдагчтай байсан бол Монгол Улс өдийд Сингапур шиг хөгжчих байсан юм гэж ярих хүмүүс олширч байгааг энэ судалгааны үр дүн харуулна.

Харамсалтай нь, диктатур улс орнуудыг хөгжүүлэх биш, доройтуулсан жишээ хавьгүй олон. Эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хэлэх үгийг боогдуулж, хүмүүсийн харах нүдийг халхалсан байдаг учраас л ийм засаглал нурж уначхалгүй яваад байдаг.

Ардчилал төгс тогтолцоо биш гэдгийг Винстон Черчилл хэлээд, гэхдээ түүнээс илүүг хүн төрөлхтөн бодож олоогүй байгааг сануулсан байдаг.

Монголчуудын тэмцэж олсон ардчилал төгс биш ч гэсэн бид түүнээс дор засаглал руу гулгаад орчихгүйн тулд ардчиллаа хайрлан хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй.

ИРГЭН НЬ ЭЗЭН БОЛСОН МОНГОЛ