Монголын эдийн засгийн хямрал гүнзгийрч, “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр замгүй болсон тухай сүүлийн үед нэлээд ярих боллоо. Энэ ньОлон улсын валютын сан (ОУВС)-гаас төлбөрийн тэнцлийн хямралд орсон буюу дампуурлын ирмэгт тулсан улс орнуудад олгодог зээлийн хөтөлбөр гэдгийг бид мэднэ. Манай улс зах зээлд шилжсэн цагаасаа өдийг хүртэл таван ч удаа ОУВС-гаас зээл авсан байдаг(хүснэгтээс тодорхой харна уу). Мэдээж хямарсан үед энэ байгууллагаас авсан хүү багатай зээл “аминд ордог” сайн талтай. Гэвч бид зоосны нөгөө талыг харах юм бол муу үр дагавар нь сайнаасаа хавьгүй олон байх вий.

Төр жижиг, төсөв нь чанга байх хэрэгтэйг олон улсын байгууллагууд, тэр дундаа ОУВС байнга сануулдаг. Тус байгууллагаас хөнгөлөлттэй зээл авахын тулд тусгай нөхцөл, шаардлагуудыг биелүүлэх үүрэг хүлээнэ. Төрийн өмчийг хувьчлах, төрийн албан хаагчдыг цөөлөх, цалинг нь бууруулах, нийгмийн халамжийг танах, үнэ ханшийг чөлөөлөх гэх мэт шаардлагууд байх нь түгээмэл. Багцлаад харвал бидний хэлж сурснаар “бүсээ чангалах” гэдэг ойлголт гараад ирнэ. Гэвч ингэж бүсээ чангалах нь дандаа сайн үр дүнд хүргэдэггүй юм аа гэдгийг олон жишээ батлаад байгаа юм.  

Тухайлбал, 2009 онд Грекийн төсвийн алдагдал ДНБ-ийхээ 13 хувь, өр нь ДНБ-ийхээ 113 хувьд хүрч, улмаар ОУВС болон Еврокомисс, Европын холбооноос зээл авч эхэлсэн. Өгсөн зээлийнхээ хариуд ОУВС нөгөөх л нөхцөл, болзлуудаа шаардсан нь тодорхой. Дөрвөн жилийн турш бүсээ чангалсан Грек улс эцэст нь нэг юм төсвийн алдагдалгүй болсон ч эдийн засаг, нийгэм, улстөрийн гүн хямралд автсан. Төсвийн зардлыг багасгаж байгаа нь энэ гээд ард иргэдээ ажилгүй, ядуу болгосны үр дүнд Грекийн гадаад өр өмнөхөөсөө ч өссөн гашуун туршлага саяхных.

Ер нь ОУВС-гийн шаарддаг хэмнэлтийн бодлого үр ашигтай байж чадахгүйг Кейнсч эдийн засагчид шүүмжилдэг. Ялангуяа эдийн засаг хямарч байгаа нөхцөлд бүсээ чангалах нь сайн гэхээсээ илүү саар үр дагаварт хүргэх нь элбэг. 1929 онд Херберт Хүүвер АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад найман сар болж байхад Уолл Стрийтийн сүйрэл болсон. Хөрөнгийн зах зээлийн хямралтай тэмцэж байгаа нь энэ гээд бүсээ чангалж, төсвийн орлогоо нэмэхийн тулд татвар, хураамжийг өсгөх бодлого баримталснаар эдийн засаг нь их хямралд орж, ажилгүйдэл, ядуурал газар авсан түүхтэй.

Ийм жишээг бид ингэж холоос хайх ч хэрэггүй. Монгол Улс 1991 оны хоёрдугаар сарын 14-нд ОУВС-гийн гишүүнээр элсэж, мөн оныхоо аравдугаар сард “Стэнд-бай” хөтөлбөрийг нь авч хэрэгжүүлсэн байдаг. Тэр хүрээнд 13.8 сая SDA буюу 20 орчим сая ам.долларын зээл авахын тулд нөгөөх л нөхцөл, шаардлагуудыг биелүүлж, бүсээ чангалах хэрэгтэй болсон. Тэгээд 2005 оныг хүртэл тус байгууллагын дөрвөн удаагийн зээлийн хөтөлбөрт (бараг тасралтгүй) хамрагджээ. Манайхан “шилжилтийн үе” гэж ярьдаг энэ хугацаанд эдийн засаг, нийгмийн хямрал ямар түвшинд хүрснийг бүгд мэднэ. Түүнээс хойш овоо нэг хөл дээрээ тогтох нь гэж байтал 2009 оны хямралтай нүүрлэж, дахиад л “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдсан.

Монгол Улсын урт, удаан үргэлжилсэн хямралд ОУВС-г буруутгах гэсэнгүй. Тус байгууллагын өгдөг заавар, зөвлөгөөнд ч муу юм байхгүй. Гол нь тэр заавар, зөвлөгөөг нь хэрэгжүүлэхдээМонголын хөрсөнд буух нь уу, үгүй юү гэдгийг сайтар бодож, тооцолох хэрэгтэй юм. “Төсвийн сахилга батыг мөрдөж, үр ашиггүй зардлыг тана”гэсэн зөвлөгөөг ОУВС-гаас өгдөг. Тэгэхээр нь монголчууд төсвийн урсгал зардлыг биш, харин хөрөнгө оруулалтынзардлыг багасгачихдаг. Үүнээс л болж зах зээлд шилжсэнээс хойш дэд бүтэц, тэр дундаа нэн шаардлагатай байгаа цахилгаан, дулааны станцын асуудлаа шийдэж чадаагүй байх жишээтэй.

ОУВС-гийн зөвлөдөг (шаарддаг гэвэл нэг их буруудахгүй) хэмнэлтийн бодлого нь ийм маягаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх  магадлал ихтэй учраас л улс орнууд хүү багатай зээлийг нь авах гэж хошуураад байдаггүй. Бүр болохоо байвал л тус байгууллагад ханддаг учраас ОУВС-г “Lender of last resort” буюу дампуурлын ирмэгт тулсан улс орнуудын сүүлчийн найдвар гэх нь бий. Тэгвэл Монгол Улс маань тэгтлээ тартагтаа тулчихаад байгаа юм гэж үү?

“Стэнд-бай” хөтөлбөр гэдэг нь төлбөрийн тэнцлийн тулгамдсан хямралд орсон улс орнуудад өгдөг зээл болохыг дахин сануулъя.Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт гацаж, дээрээс нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарснаас болж манай улс төлбөрийн тэнцлийн хямралд орсон уу гэвэл орсон.Монголбанкны мэдээллээс үзэхэд, 2012 онд төлбөрийн тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч байснаа 2013 онд гэнэт 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Энэ бол асар том зөрүү, айхтар хямрал болж болох байсныг гэрчлэх тоо юм. Харин одоо бол төлбөрийн тэнцлийн тулгамдсан асуудал байхгүй болсныг графикаас харна уу. Гэхдээ гадаад өр, төлбөрөө шилжүүлэх цаг ирэхээр асуудал үүсгэхгүйн тулд одооноос санаа зовох нь зөв. Үүнийг шийдэхийн тулд гадаад валютын орох урсгалыг л сайжруулах ёстой. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлыг хийж байгаа нь үүнд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

Энэ бүхнээс үзэхэд, манай эдийн засаг хямралтай байгаа ч ОУВС-гаас тусламж гуйх түвшинд хүрчихээгүй байна. ДНБ-ий өсөлт сүүлийн жилүүдэд саарч байгаа нь үнэн. Гэвч энэ нь зөвхөн бидний зовлон биш гэдгийг мартаж болохгүй. Дэлхий даяараа, ялангуяа манайх шиг түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засагтай улс орнууд ижил зовлон туулж яваа. Тиймээс ч эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд мөнгөний бодлогоо зөөллөж, зах зээлдээ илүү их мөнгө нийлүүлэхийг хичээж байгааг нь харж болно. Гэтэл манайд ДНБ-ий өсөлтийг дэмжих биш, улам л сааруулах бодлого баримталж байна. Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж, Засгийн газар бүсээ чангалах тухай ярьж эхэллээ. ОУВС-гаас зааж, зөвлөдөг хэмнэлтийн ийм бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт улам саарч, ажилгүйдэл газар авах магадлал өндөр байна. Тиймээс хямралаас гарах зөв замаа олохын тулд “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах гэж яарахаас илүүтэй дотоодын мэргэжилтнүүд, эдийн засагчдын байр суурь, санаа оноог авч үзсэн нь дээр болов уу.

Хөтөлбөрийн нэрБаталсан/дууссан хугацааОлгосон зээлийн хэмжээ (сая SDR*)
Стэнд-бай2009/2010122.6
ECF буюу хөнгөлөлттэй зээл2001/200512.2
ECF буюу хөнгөлөлттэй зээл1997/200017.4
ECF буюу хөнгөлөлттэй зээл1993/199629.7
Стэнд-бай1991/199213.8
ОУВС-гаас Монгол Улсад олгосон зээлийн хөтөлбөрүүд

*SDR гэж ОУВС-гийн төлбөрийн тусгай хэрэгсэл болно. Ханшийг өдөр бүр шинэчлэн тооцоолохдоо SDR сагсанд багтах ам.доллар, евро, иен, фунт стерлингийн ханшийг харгалзан үздэг.

Эх сурвалж: Монголбанк