1952 оны арванхоёрдугаар сарын 4. Английн Лондон хотод асар их утаат манан бууж, дөрөв хоног тогтохдоо 12 мянган хүний амь насыг авч одсон гэдэг. Ихэвчлэн хүүхэд, хөгшид, хөл хүнд эхчүүдийг нэрвэсэн энэ гамшиг тус хотын эрчимтэй хөгжил, эдийн засгийн өсөлтийн сөрөг үр дагавар байсан юм. Тодруулбал, Лондоны үйлдвэрүүд олширч, хүн ам нь өсөхийн хэрээр илүү их нүүрс түлж, илүү их хорт утаа гаргаж байсан хэрэг. Харин “London Fog” буюу Лондоны манан хэмээн түүхэнд үлдсэн дээрх гамшиг тус хотын 20 гаруй жил үргэлжилсэн агаарын бохирдолд цэг тавьсан юм. Үүнээс өмнө лондончууд ч утааны асуудлаа хайхардаггүй, Английн засгийн газар ч дорвитой арга хэмжээ авдаггүй байж. Харин 12 мянган хүний аминд хүрсэн гамшгийн дараа мэдээж хаа хаанаа ухаан орж, 1956 онд Цэвэр агаарын хууль (Clean Air Аct) баталсан байдаг. Энэ хүрээнд хотод нүүрс түлэхийг хориглож, томоохон үйлдвэрүүд, цахилгаан станцуудыг нүүлгэн шилжүүлж, айл өрхүүд цахилгаан болон хийн түлшээр дулааны асуудлаа шийдэх нөхцөл, бололцоог бий болгож өгчээ. Үр дүн нь ганц өвлийн дотор харагдаж, дөрвөн жилийн хугацаанд хорт утааны асуудлаас бүрэн ангижирч чадсан байна.

Лондонд 60 гаруй жилийн өмнө болсон энэ гамшиг монголчуудын өнөөгийн тулгамдсан асуудалтай ижил төстэй юм. Шалтгаан нь яг ижил буюу нүүрс түлснээс болсон.

Нүүрс, тэр дундаа чанар муутай, угаагаагүй бохир нүүрс шатах явцдаа хүхэр, хөө тортог мэтийн хүний эрүүл мэндэд хортой хэдэн зуун бодис ялгаруулдаг. Эдгээр бодис салхинд туугдаж, агаарт дэгдэж багасах учиртай. Гэтэл Лондон ч тэр, Улаанбаатар ч тэр нам дор, салхи багатай орчинд оршдог. Тиймээс хорт утаа алга болохгүй, харин ч тунаж үлддэг хэрэг. Тэгвэл бид Лондоны туршлагаас юу сурч болох вэ?

Лондончууд утаагаа арилгах зорилгоо тавиад, түүндээ хүрэхийн тулд тууштай, системтэйгээр ажилласан учраас богино хугацаанд үр дүнд хүрчээ. Харин манайх утаатай тэмцэх талаар сүүлийн 10-аад жил ярьж байгаа боловч өнөөг хүртэл угаартаад л сууж байна. Яагаад тэр вэ? Бидэнд “Утааг арилгана” гэсэн зорилго байгаа боловч түүндээ хүрэх төлөвлөгөө алга. Өнгөрсөн жилүүдэд олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч тэдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, системгүй байснаас үр дүнд хүрсэнгүй. Мөнгө нь үрэгдчихсэн, зорилго нь хэрэгжээгүй хоцорсон. Энэ алдаагаа давтахгүйн тулд бид эхлээд утааг багасгах зорилгоор богино хугацаанд юу хийх вэ, урт хугацаанд юу хийх вэ гэдгээ нарийн тооцоолж, төсвөө гаргаж, үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй. Тэгээд зөв замаар явж байна уу, үгүй юү гэдгээ байнга эргэж харж байх шаардлагатай. Үр дүн, гүйцэтгэлийн хяналтыг тодорхой давтамжтай хийнэ гэсэн үг.

Тухайлбал, гэр хорооллын айлуудыг сайжруулсан зуух, сайжруулсан түлшээр хангах ажлыг сүүлийн жилүүдэд хийж, мөнгөө зарцуулчихсан. Гэтэл энэ нь барим тавим үр дүнд хүрсэн үү гэхээр үгүй, утаа нь байж л байна. Сайжруулсан зуух ашиглаж байгаа айлуудын дотоод орчны бохирдол бүр их байгааг судалгаагаар баталсан тухай ч саяхан уншсан. Энэ мэтийн үр дүнгээ өгөхгүй байгаа ажлыг зогсоогоод, дараагийн арга барилдаа шилжихийн тулд л хяналт тавьж байя гээд байгаа юм. Тэгвэл энэ оны эхний өдрөөс гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг тэглэчихлээ. Үр дүн харагдаж байна уу, үгүй юү? Харагдахгүй байгаа бол яагаад гэдэг асуултад хариулах хэрэгтэй болно.

Цахилгааныг үнэгүй болгосон боловч тэр боломжийг ашиглах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур авахад дэмжлэг үзүүлэх, үүнтэй холбоотойгоор гал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй. Ингэж байж л төлөвлөгөөтэй, системтэй ажил болно. Тэгээд айл бүр цахилгаан халаагууртай болоод, нүүрс түлэх нь хамаагүй багассан ч энэ нь завсрын буюу “нүглийн нүдийг гурилаар хуурсан” хэрэг юм. Агаар, ус, хөрсний бохирдлыг бүрмөсөн арилгахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг дулаан болон цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох хэрэгтэй. Гэхдээ энэ нь их хэмжээний төсөв мөнгө шаардсан урт хугацааны ажил байх болно. Дулааны шугам сүлжээний асуудлыг шийдэхээс гадна шинэ цахилгаан станцаа барьж, ашиглалтад оруулах шаардлага тулгарна. Энэ бүхний эцэст цахилгаан, дулааны үнэ (нүүрс түлэхтэй харьцуулахад) хавьгүй хямд байх нөхцөлд л үр дүн гарах юм. Эс бөгөөс айл өрхүүд зуухаа галласаар, утаагаа гаргасаар байна шүү дээ. Ер нь цахилгаан, дулааны үнэ Монголд, тэр дундаа нийслэл хотод хямд байсан нь дээр болов уу. Одоо хэрэгжүүлж байгаа амьжиргааны түвшинтэй уялдсан тариф их тохиромжтой. Гэхдээ орлого багатай айл өрхүүдийн цахилгаан, дулааны үнийг асар хямд (бараг үнэгүй шахам) байлгасан нь зүйтэй гэж үздэг. Ингэж хэлэхээр мэдээж эсэргүүцэх хүн олон гарна л даа.

Эрчим хүчний салбарын алдагдал улам нэмэгдэнэ гэх байх. Цахилгаан, дулааны үнэ, тариф бусад улстай харьцуулахад хямд байгаа учраас л шинэ бүтээн байгуулалт хийж чадахгүй байна гэж тайлбарладаг. Үнэндээ энэ бүхэн “унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэгтэй л ижил юм. Нефть, хийн экспортоор дэлхийд толгой цохидог хойд хөршид маань ахуйн хэрэглээний хийн үнэ асар хямд байдаг. Нэг шоо метр нь ердөө 5.5 рубль буюу Швед улстай харьцуулахад 16 дахин бага үнэ тогтоосон байгаа. Казахстанд үүнээс ч хямд байх жишээтэй. Нефтийн экспортоор орлогоо олдог Кувейт, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс өөрсдийн иргэдэд түлш, шатахуунаа маш хямд үнээр зардаг. Тэгвэл нүүрсний асар их баялагтай Монгол Улсад яагаад цахилгаан, дулааны үнэ хямд байж болохгүй гэж? Үүний тулд нүүрсээ, цахилгаан эрчим хүчээ экспортолж орлогоо олох хэрэгтэй. Харин монголчуудад бол хямд үнээр цахилгаан, дулаанаа хүргэж байж л энэ утаа, бохирдлоос бүрмөсөн салж чадна.

Богино хугацаанд бол цахилгааны шөнийн тарифыг тэглээд, гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагууртай болох нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүн гарах л байх. Гэхдээ үүнийг бас хэмжиж, хянах хэрэгтэй. Харин урт хугацаанд бол гэр хорооллын айл өрхүүдийг дулааны шугам сүлжээтэй холбож, хямд үнээр цахилгаан, дулааныг нь хүргэж байж л бодитой үр дүн гарах юм.